Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгийн зарим газраар дуу цахилгаантай, аадар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, нутгийн өмнөд хэсгээр баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 31-36 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгаар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 5, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө халж 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

2. Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн багийн “Сэндэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 250 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км, Сайхан сумаас баруун зүгт 120 км/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 15:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 9 га талбай өртөж шатсан.

Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн “Сүжигт” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 17:11 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд, Харгана ХХК-ийн уурхайгийн ажилтнууд түймрийг 19:12 цагт цурамд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 5 га талбай өртөж шатсан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Аянга: Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Сангийн далай багийн “Бүлээн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 276 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 22 км-т/ малчин Б-ын 6 хонь 07.03-ны өдрийн 13:50 цагт аянганд цохиулж үхсэн тухай мэдээллийг 22:25 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогч Б.Нямсүрэнгээр ахлуулсан алба хаагчид ажилласан. Бэртэж гэмтсэн хүн байхгүй.

Үер – Усны үер: Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн “Хавцгайтын ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 45 км, сумын төвөөс баруун  зүгт 47 км/ 07.03-ны өдрийн 15:00 цагт дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер бууж 4 суудлын автомашин урссан тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайханаар ахлуулсан алба хаагчид, аймгийн ЗДТГ-ын дарга З.Даваахүүгээр ахлуулсан ажилтнууд, аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн байгууллагын алба хаагчид 10 автомашинтай 45 км замыг туулан 16:35 цагт очиж, 02:20 цаг ажиллаж үерийн усанд урссан “Тоёота королла” загварын суудлын автомашинаас 3 том хүн, 1 хүүхдийн цогцсыг гарган /голын хажууд 1 хүүхдийн цогцос/ нийт 5 цогцсыг гарган аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Нэр, нас тодорхойгүй 1 хүнийг /сэтгэл санааны хямралд орсон/ эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Задгай, Элст багийн 33 дугаар гудамж, Эрчим багийн 31, 60, 54, 53, 50, 36, 2, 37, 5, 34, 43, 7, 28, 18, 19, 26, 38, 27, 16-р гудамж 07.03-ны өдрийн 18:17 цагаас 22:00 цаг хүртэл дуу цахилгаантай, усархаг бороо орсоноор үерийн далан сэтэрч нийт 53 айл өрхийн гэр, хашаа байшин үерийн усанд автсан тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 21:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа О.Ганбатаар ахлуулсан алба хаагчид, Мөрөн сумын мэргэжлийн ангийнхан 800 метр урт үерийн даланг засварлан ажиллаж байна. Бэртэж гэмтсэн хүн байхгүй.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн “Цагааннуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 45 км-т/ тус сумын харьяат малчин У /25 настай, эмэгтэй/ 06.30-ны өдрийн 04:10 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, орон нутгийн иргэд “Цагааннуур” гэдэг газраас “Харуулын-Өвөр” гэдэг газар хүртэл 5 км-ийн тойрогт, нуурын дээгүүр 5 километр урт, 8 километр өргөн, 20-30 метрийн гүнд завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. 07.04-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Халхын гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 365 км-т, сумын төвөөс хойд зүгт 1 км-т/ тус сумын харьяат Т /3 настай, эрэгтэй/ 07.02-ны өдрийн 14:00 цагийн орчим “Халхын гол”-ын эрэг дээр сууж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Цагдаагийн тасаг, Дотоодын цэргийн 0329-р анги, Хилийн 0306-р анги, Хилийн 0198-р анги, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, ар гэрийнхэн Халхгол сумын Цогтсүмбэр багийн нутаг “Яклов хөшөө” гэдэг газраас хойд зүгт “Их бурхант” гэдэг газрын чиглэлд 15 км-т эрэн хайх ажиллагааг явганаар болон морьтой самналт хийж, голын эрэг дагуу 20 км эргийн доод хэсгээр самналт хийж, агаараас нисдэг төхөөрөмж ашиглан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 07.04-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Цагаан чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 65 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 325 км-т/ тус багийн харьяат малчин Б/39 настай, эрэгтэй/, С /5 настай, эмэгтэй/ нар “Хярхан” голын эргээс таана, мангир түүхээр 06.23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болсон /”Хярхан” голд живсэн байж болзошгүй/ тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 06:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.29-ний өдрийн 09:40 цагт С-ийн цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн бөгөөд 07.03-ны өдрийн байдлаар малчин Б-ыг эрэн хайх ажиллагааг “Өвлийн гарам” гэдэг газраас баруун урд зүгт 45 км “Хааны эрэг” гэдэг газар хүртэл “Хярхан” голоор зохион байгуулж, 3 метрийн гүнд 6 удаа шумбалт хийж үр дүнд хүрээгүй тул 20:06 цагт түр зогсоосон. 07.04-ний өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн Бавхайт гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 225 км, сумын төвөөс баруун урд зүгт 5 км/ малчин Ш /20 настай, эрэгтэй/, М /30 настай, эрэгтэй/ нар Эрдэнэцагаан сумын төвөөс “Хөх чулуут” гэдэг газар гэртээ очихоор мотоциклтойгоор Бавхайт голыг гатлахаар ороод алга болсон тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 15:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 17:39 цагт осолдсон газраас зүүн урд зүгт 2 км-т Бадрах 3 дугаар багийн “Үхэр чулуу” гэдэг газраас иргэн М-ын цогцсыг гарган сумын цагдаагийн тасгийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Бат-Үйлсэд шилжүүлэн өгсөн. /Иргэн Ш уснаас өөрөө гарч ирсэн, биеийн байдал хэвийн./

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан овоо багийн “Чоно гол”-д /аймгийн төвөөс зүүн урд зүгт 225 км, сумын төвөөс баруун урд зүгт 1.5 км/ 1 мотоциклтой 2 иргэн усанд осолдсон тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 18:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:25 цагт осолдсон газраас зүүн зүгт 200 метр орчим газраас иргэн С-ын цогцсыг гарган сумын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Ж.Итгэлтэд, мөн өдрийн 22:45 цагт Эрдэнэцагаан сумын Хилийн цэргийн 0146 дугаар ангийн хойд талаас иргэн М-ийнцогцсыг гарган сумын цагдаагийн тасгийн дэслэгч Э.Бат-Үйлсэд шилжүүлэн өгсөн.

5.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг “Чулуутын” 10 дугаар гудамжинд хашааны гадна талд автомашины замын хажууд 2 ширхэг бууны сумны хошуу байна гэсэн мэдээллийг 07.03-ны өдрийн 07:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Т.Баатарсүхээр ахлуулсан алба хаагчид очиж ажиллан, аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Бат-Оргил, цагдаагийн ахмад Б.Мөнхтөр нарт уг сумыг шилжүүлэн өгсөн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багаас 15 дугаар баг сумын нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй, усархаг, дуу цахилгаантай, аадар бороо 07.03-ны өдрийн 19:08 цагаас 19:50 цаг хүртэл орсоны улмаас Дархан сумын 15 дугаар багийн нутагт байрлах агаарын шугамнуудад аянга бууж Дархан суманд хэсэгчилсэн байдлаар тог, цахилгаан тасарсан. Дархан сумын 8 дугаар багийн Микро хороололд байрлах цахилгааны эрчим хүчний 2 депэд борооны ус орж газардсан, Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн гэр хорооллын РФ11 газардаж цахилгаан бүхэлдээ гэмтэж цахилгаан тасарч, мөн “Дархан Дулааны цахилгаан станц”-ын 1 ширхэг трансформатор гэмтсэн. Цахилгаан дамжуулах сүлжээ” ХХК-ийн ажилчид цахилгааны гэмтлийг сэргээн засварлахаар ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Яргис багийн “Айзам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 80 км, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/ 07.03-ны өдрийн 19:20 цагаас 19:40 цаг хүртэл орсон хүчтэй аадар борооны улмаас малчин О-ийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт үерт урссан тухай мэдээллийг 07.03-ны өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогч Ө.Чулуунбаатарт утсаар мэдэгдэн шалгуулахад ямар нэгэн бэртэж гэмтсэн хүн байхгүй гэсэн мэдээллийг өгсөн.

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн  “Цохиот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км/ 07.03-ны өдрийн 16:00 цагаас 16:30 цаг хүртэл орсон мөндөр болон хүчтэй аадар борооны улмаас малчин Б, Д нарын 5 ханатай гэр нурсан, малчин Ц-ын 30 хонь мөндөрт цохиулж үхсэн тухай мэдээллийг 07.03-ны өдрийн 20:52 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогч Ю.Дэмбэрэлсамбуугаар ахлуулсан алба хаагчид ажилласан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top