Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутгийн зарим хэсгээр түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшиж, үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай бороо орно.  Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүсч, 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 5-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь, тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Гал түймэр:

 Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, малчны 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 14:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 14:55 цагт очиж, иргэн Ц-ын 8х8 метрийн хэмжээтэй баригдаж байгаа байшингийн хана, дээврийн хэсэг шатаж байсныг 46 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг багийн 11 дүгээр гудамжинд иргэн Ж-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 16:07 цагт очиж, 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 2 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 16:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 16:39 цагт очиж, иргэн Г-ын 2х3 метрийн хэмжээтэй түлээний амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг дахь “Харажан” зоогийн газрын автомашины зогсоолд иргэн Д-ийн эзэмшлийн “Пулсар” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.04-ний өдрийн 02:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.3 км замыг туулан 03:00 цагт очиж, автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 32 дугаар байр 12 давхар барилгын 11 дүгээр давхарын орцны цонхны тавцан дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 09.04-ний өдрийн 03:23 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 03:32 цагт очиж, тус байрны оршин суугч иргэн А /31 настай, эрэгтэй, согтуу/ орцны цонхны тавцан дээр амиа хорлох зорилготой зогсож байсныг ярилцлага хийж эсэн мэнд буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

4. Мэдээлэл:

Бусад төрлийн мэдээлэл: Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн “Бага нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 430 км-т, сумын төвөөс баруун зүгт 280 км-т/ “Бага нуур”-ын усанд олон тооны усны шувуу /бор галуу, цахлай, алаг нугас/ үхсэн байна. Мөн 20 орчим шувуу өвчилсөн байдалтай байна гэсэн мэдээллийг тус сумын Засаг дарга Ч.Батдөл 08.30-ны өдрийн 13:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Мэдээллийн дагуу ажлын хэсэг (Онцгой байдлын газрын 2, Цагдаагийн газрын 5, Зооноз өвчин судлалын төвийн 3, Мал эмнэлэг үржлийн газрын 1, Эрүүл мэндийн газрын 1, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 1, нутгийн захиргааны байгууллагын 9, нийт 22 алба хаагч, 5 автомашинтай) 09.01-ний өдрөөс тухайн газарт ажиллаж байна. 09.01-ний өдөр үхсэн шувуу болон хөрс, усаас дээж авч УМЭАЦТЛ-д 09.03-ны өдөр шинжилгээнд ирүүлсэн. Шинжилгээний хариу гараагүй байна. 09.03-ны өдрийн байдлаар үхсэн 16 зүйлийн 1521 шувуудыг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. 09.03-ны өдөр тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Г.Дашдаваагаар ахлуулсан 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тухайн газарт ажиллахаар явсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top